ҮХЭР ЖИЛ: Вакцин нь латин хэлний үхэр гэсэн үгнээс гаралтай

 ҮХЭР ЖИЛ: Вакцин нь латин хэлний үхэр гэсэн үгнээс гаралтай

2021 он бол дорнын цаг тооллоор үхэр жил юм. Үхэр бол хүн төрөлхтний хамгийн эрт гэршүүлсэн  амьтдын нэг бөгөөд хүмүүсийн амьдралд өнөөдрийг хүртэл чухал нөлөөтэй хэвээр байгаа.

Тиймээс Азийн зурхайчид үхэр жилийг хүн төрөлхтөнд ээлтэй жил болно гэсэн таамгийг дэвшүүлцгээж байна.

 Хүн, үхэр хоёрын холбоог харуулсан хамгийн эртний баримт Испанийн Алтамирагийн агуйд байдаг. Энэ агуйд 20,000 гаруй жилийн өмнө зурсан хадны сүг зурагт үхрийг анх дүрсэлж байжээ.

Харин нийтийн тоолол эхлэхээс 8,000 орчим жилийн өмнө Хятад, Энэтхэг, Месопотамид үхрийг анх гэршүүлсэн гэж эрдэмтэд үздэг байна.

Үхэр нь хүмүүст мах, сүүгээ өгч, хүнсний чухал эх үүсвэр болсоор ирсэн. Ачлага уналгад ашиглагдаж, хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн амьтан. Үүнээс гадна хамгийн анхны вакциныг үхэрнээс гаргаж авч, хүн төрөлхтнийг үхлийн аюулт өвчнөөс аврах зам нээгдэх байжээ.

Салхин цэцэг бол хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн хамгийн эртний өвчнүүдийн нэг. Бүр эртний Египетийн муминуудаас салхин цэцгийн вирус илэрч байсан юм.

Тэгвэл 1796 онд Английн эмч Эдвард Женнер үхрийн боом өвчний сулруулсан вирусийг хүнд тарьж, салхин цэцэг өвчний эсрэг дархлаа тогтоож болохыг анх харуулж байжээ. Үүнийг түүхэнд дэлхийн анхны вакцин  гэж үздэг.

Вакцин гэдэг үг нь латин хэлний “vacca” буюу үхэр гэдэг үгнээс гаралтай юм.

Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай тэмцэж, 2021 оныг уг аюулт өвчнөөс хамгаалах вакцинжуулалтын жил болно гэж үзэж байгаа.

Тиймээс хүн төрөлхтөнд анхны вакцин бүтээхэд нь тусалж байсан үхрээр нэрлэгдсэн жил гарч байгаа нь сонирхолтой давхцал болж байна.

Эх сурвалж: ikon.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Some genuinely interesting information, well written and loosely user genial.

Leave a Reply

Your email address will not be published.