Монголын тогоруу дээд амжилт тогтоожээ

 Монголын тогоруу дээд амжилт тогтоожээ

Хурх хүйтний хөндийгөөс таван сарын өмнө Энэтхэг улсын Хичан сууринг зорьсон өвөгт тогоруу 4032 км урт замтуулж, дээд амжилт тогтоожээ. Өвөлжих газраа арванхоёрдугаар сарын дундуур саадгүй хүрсэн нь энэ зүйл тогорууны хувьд бүртгэгдсэн хамгийн алс хол нүүдлийн дээд амжилт болсон гэдгийг шувуу судлаачид хэлж байна.

Энэ талаар шувуу судлаач С.Түвшинтөгсөөс тодруулахад “Монголд тогорууны долоон зүйл байдаг. Үүнд, өвөгт тогоруу, цэн тогоруу, алаг тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу зэрэг багтдаг. Өнгөрсөн зун Монголд Төвөдийн тогоруу шинээр бүртгэгдсэн байна лээ. Монголд өвөгт тогоруу шувууны талаарх тоон мэдээлэл дутмаг байдаг. Ерөнхийдөө Монгол орны бүх нутгаар өргөн тархсан шувуу.

Манай оронд өвөлждөг тогоруу 10 мянга орчим байдаг бол намрын улиралд нүүдэллэж буй маш олон тогоруу дамжин өнгөрдөг. Бид 2015 оноос өвөгт тогорууны суурин судалгааны ажлыг эхлүүлсэн. Монголд өвөлжих газраасаа ирж, үржилд орж, өндөглөөд, өндөг нь дэгдээхий болж, нүүдэллэх хүртэлх хугацааг нь судалдаг. Урт зам туулж, дээд амжилт тогтоосон өвөгт тогорууны хувьд өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр H-54 таних тэмдэгт бөгж суулгасан” хэмээн ярилаа.

Өмнө нь тогорууны 16 зүйл дотроос хамгийн давжаа нь болох өвөгт тогорууны хамгийн хол нүүдэллэн ниссэн дээд амжилт нь 3500 км зай байжээ. Үүнийг Монголын тогоруу 4032 км болгон ахиулан эвдэж, энэ зайг ойролцоогоор 151 хоногт туулж чаджээ. Энэ урт замдаа Хятад, Аруначал, Прадеш, Ассам, Мегхалая, Бихар, Уп зэрэг газар нутгаар буудаллаж, зарим үед 8000 метрийн өндөрт нисдэг. Энэ маршрут хамгийн хүнд замд тооцогддогийн учир нь тогоруун цуваа дэлхийн ноён оргилт Гималайн уулсыг даван нисдэг талаар Энэтхэгийн “The Times of India” вэб сайтад мэдээлжээ.

Монголын Хурхын хөндий олон жижиг нуураараа алдартай бол Энэтхэгийн Ражастан мужийн “Наран хот” хэмээх Жодхпурын харъяа Хичан суурин нь Өвөгт тогорууны диваажин аж. Жил бүр энд бөмбөрцгийн хойд хагасын өвлөөс дайжин, зүг зүгээс ирсэн 40 мянга гаруй өвөгт тогоруу нэг дор цугладаг байна.

Хичан суурин

Цөл газар учир байгалийн хоол тэжээл хомс. Харин энэ суурингийн сайн санаат ард иргэд 40 мянга гаруй шувууг гурван сарын турш өдөрт хоёр удаа хооллохдоо 3000 кг үр зарцуулдаг тун өгөөмөр хүмүүс аж. Энэ үеэр тогоруун сүргийг ажих, зураглахаар олон жуулчин, шувуу судлаач зорин ирдэг байна.

Өвөгт тогоруу нь Монгол оронд түгээмэл тархалттай, тогорууны төрөл дотроо хамгийн жижиг биетэй нь боловч дэлхий дээр хамгийн өндөрт нисдэг жигүүртэн шувуудын нэг юм. Намар болохоор Монголын талд хэдэн зуугаараа цуглан чуулж, тал нутгаар зэллэн нисч, хэдэн мянган бээрийг туулаад, 8000 метрээс илүүтэй Гималайн өндөр нурууг салхи хөлөглөн давдаг гайхамшигтай шувуу.

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.