Бельги улсын нэг асрамжийн газарт Санта Клаус зочилсны дараа 18 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ

 Бельги улсын нэг асрамжийн газарт Санта Клаус зочилсны дараа 18 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ

Сайн дурын Санта Клаус зочилсны дараа Бельги улсын нэг асрамжийн газарт 160 орчим хүн коронавирусийн халдвар авснаас 18 нь нас баржээ.

Бельгийн Антверп хотоос зүүн зүгт 50 км зайд оршдог Мол хэмээх жижиг хотын Хемелрик ахмадын асрамжийн газарт энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Нийт 169 үйлчлүүлэгчтэй энэ газарт халдвар хурдтай тарж, 121 өндөр настан, 36 ажилтныг өвчлүүлжээ.

Тэдгээрээс 18 нь гурван долоо хоногийн дотор нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Мол хотын нэг иргэн сайн дурын үндсэн дээр Санта Калаусын дүрд хувираад асрамжийн газарт зочилж, өндөр настнуудад зул сарын мэндчилгээ хүргэсэн ажээ.

Тэрбээр өмнө нь ч энэ үүргийг сайн дураар гүйцэтгэдэг байсан гэнэ. 

Мол хотын дарга эхэндээ сайн дурынхныг амны хаалт зүүж, хорио цээрийн дэглэмийг сайн сахисан гэж мэдэгдэж байсан ч сүүлд нийтэд тарсан гэрэл зурагнаас ингээгүй нь ил болсон байна. Хөл хорионы улмаас ахмадуудыг гэр бүлийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа энэ үед сайн дурын Санта Клаусыг дагалдагчдынх нь хамт халдвар хамгаалалтын дэглэм сахиулалгүй нэвтрүүлсэнд хотын иргэд бухимдаж байгаа ажээ.

Санта Клаусын дүрд тоглосон иргэнийг сошиал орчинд элдвээр доромжлох, дарамтлах явдал нэмэгдсэн байна.

Лабораторийн шинжилгээний үр дүнд асрамжийн газрын голомтоос коронавирусийн дөрвөн төрлийг илрүүлсний нэг нь хамгийн олон хүнд халдварласныг илрүүлжээ. Эндээс Санта Клаус гол халдвар тараагч болсныг тогтоосон байна.

Асрамжийн газарт ажиллах хүчний хомсдол үүссэн тул Мол хотын захирагч Улаан Загалмайн нийгэмлэг, Бельгийн эрх баригчдаас тусламж хүсжээ. Аравдугаар сард халдварын оргил үе өнгөрсний дараа Бельги улсад цар тахлын нөхцөл байдал харьцангуй тогтворжоод байгаа юм.

Гэхдээ тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 19,158 хүн Covid-19 өвчнөөр нас барсан бөгөөд хүн амтай нь харьцуулбал дэлхийн улс орнуудаас нэлээд өндөрт тооцогддог. Энэ долоо хоногт Бельгид бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм.

Эх сурвалж: ikon.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.