Саран дээр хоёр төрлийн ус байж магадгүй

 Саран дээр хоёр төрлийн ус байж магадгүй

NASA дэлхийн цорын ганц дагуул сарны нар руу харсан гадаргуу дээр ус байж болох ул мөрийг илрүүлжээ. Өмнөх судалгаагаар сарны дэлхий рүү харсан тал буюу өмнөд туйлд ус байж болохыг илрүүлж байсан юм.

“Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны эхний хэсэгт 2009 оны зургаадугаар сараас хойш сарны тойрог замд орсон хиймэл дагуул болон “SOFIA” хэмээн нэрлэдэг Стратосферийн ажиглалтын төв дэх хэт улаан туяаны одон орон судлалын дурангийн мэдээлэлд үндэслэжээ.

Судалгаагаар саран дээрх дэлхийгээс харагддаг хамгийн том тогоонуудын нэг “Clavius”-т 350 грамм орчим ус байж магадгүй аж. NASA-гийн астрофизикийн хэлтсийн захирал Пол Херц “Өмнө нь зөвхөн таамаглаж байсан бид анх удаа сарны нар руу харсан тал дээр ус байгааг баталлаа” хэмээжээ.

Ус илрүүлсэн нь уух хэмжээгээр дангаараа байгаа гэсэн үг биш бөгөөд хөрсөнд дарагдан, шингэсэн байгаа аж. Сарны гадарга дахь ус дэлхийн Сахарын цөлд агуулагддаг уснаас ч бага хэмжээтэй юм.

Саран дээр ус хэрхэн үүссэнийг баталж чадахгүй ч нарны салхи устөрөгчийн тоосонцрыг саранд хүргэж улмаар сарны гадарга дээрх хүчилтөрөгч агуулсан эрдэстэй нийлэн урвалд орсон байж болох юм. Урвалаар эхлээд гидроксил үүсэх ба микрометеорын ширхэгт цохигдсоноор ус болон хувирах магадлалтай аж.

Судалгааны хоёр дахь хэсэгт сарны өмнөд туйл дахь усны мөс хэлбэрийг судалжээ. Колорадогийн Их Сургуулийн Агаар мандал ба сансрын физикийн лабораторийн тэргүүлэх судалгааны профессор Пол Хэйн “Хэрэв та сарны туйл орчимд зогсвол маш олон сүүдэр харах ба сүүдэр бүр мөсөөр дүүрэн байж магадгүй. Гэхдээ мөснүүд нь маш жижиг буюу зоосны хэмжээтэй байх боловч тэдгээрийг нэгтгэн цуглуулж пуужингийн түлш болон унданд хэрэглэж болох юм” гэв.

Гэхдээ мөс байгааг баталсан боловч ямар хэмжээтэйг нь мэдэж чадаагүй байгаа юм.

NASA-гийн 2024 онд саранд хоёр хүн хүргэх “Artemis” хөтөлбөр болон 2022 онд хүрэх VIPER роботын судалгаа усны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг олно гэж найдаж байна.

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.