Ус буцалгагч шиг бага вольтоор ажилладаг агаар шүүгч цамхаг зохион бүтээжээ

 Ус буцалгагч шиг бага вольтоор ажилладаг агаар шүүгч цамхаг зохион бүтээжээ

Нидерландын зохион бүтээгч, архитектурч Даан Русгард “Smog Free Tower” хэмээх долоон метр өндөртэй агаар шүүгч цамхаг зохион бүтээжээ. Уг цамхагийн урьдчилсан туршилтыг Нидерланд улсад хийхэд цамхгийг байрлуулсан гадаад орчны агаар 60 хувь, дотоод орчны агаар 70 хувиар цэвэршсэн гайхалтай үр дүн гарчээ.

“Smog Free Tower” цамхаг нь ионжуулсан технологи ашиглан, нэг цагт 30 мянган шоо дөрвөлжин агаарыг шүүдэг байна. Ингэхдээ яг л үлээдэг бөмбөлөг үс соронздон татдаг шиг цамхаг нүүрсхүчлийн хийг өөртөө татах замаар агаар цэвэршүүлдэг аж.

Мөн хамгийн гайхалтай нь уг цамхаг ахуйн хэрэглээний жижиг ус буцалгагч шиг бага вольтоор ажилладаг тул эдийн засагт маш хэмнэлттэй юм байна. Русгард энэхүү бүтээлийнхээ санхүүжилтыг босгохдоо “Кickstarter” цахим хуудаснаа өөрийн төслийн санаагаа танилцуулж, 50 мянган еврогийн санхүүжилт хүссэн байна. Гэтэл интернэт хэрэглэгчид түүний төсөөлж байснаас илүүгээр дэмжлэг үзүүлж, хоёр сарын хугацаанд 113 мянган евро цугларчээ. Ийнхүү төлөвлөсөн төсвөөс илүү хөрөнгө цугларсан учир тэрээр өөрийн төсөлд нь хөрөнгө оруулсан хүн бүрт 42 хувийн нүүрстөрөгчөөс бүтсэн бөгж бэлэглэжээ.

Харин одоо Даан Русгард уг бүтээлээ эхний ээлжинд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох БНХАУ-ын Бээжин хотноо туршиж үзэхээр ажиллаж байгаа аж. Агаар шүүгч цамхгийг Бээжин хотын 20-25 цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд хотын удирдлагуудтай хэлэлцээрт хүрч чадвал өөрийн бүтээлийг зээлээр олгож болох тухай тэрээр мэдэгджээ.

Эх сурвалж: isee.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.