СУРВАЛЖИЛГА | “Үдийн цай”-наас “Үдийн хоол” руу шилжиж чадсан уу…

 СУРВАЛЖИЛГА | “Үдийн цай”-наас “Үдийн хоол” руу шилжиж чадсан уу…

2020 оны хичээлийн шинэ жил эхлээд нэг долоо хоног өнгөрлөө. Энэ оны хичээлийн шинэ жил ихээхэн онцлогтой эхэлж байна. “Ковид-19” цар тахлын улмаас онцгой нөхцөл байдалд хичээллэж байгаагаас гадна 2019 оны Засгийн газрын хуралдааны дагуу баталсан “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж эхлэх жил юм. Тодруулбал 2019 оны 5-дугаар сарын 30-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хуулийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн суралцагчдыг 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан.

Өнөөдрийг хүртэл бага ангийн сурагчид өдөрт 600 төгрөгийн үдийн цай уусаар ирсэн. Энэ нь хүүхэд өдөрт авах илчлэгийн хэмжээгээ хангалттай авч чадахгүй байхаас шалтгаалан хүүхдийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг. Харин сурагчдын үдийн хоолыг дэлхийн олон оронд сурагчдын насны онцлогт тохирсон халуун хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлсээр иржээ. Тухайлбал, Их Британи 1900 оноос, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

Улсын сургуулиудын үдийн хоолны илчлэгийн хэмжээ 240-260 ккал байна.

Харин манай улсын хувьд үдийн цай хангалтай шим тэжээл өгөхгүйгээс гадна бага хэмжээтэй байдаг учраас хүүхдүүд ТҮЦ-ээс ороомог, пирожки, кимбаб, бэлэн гоймон худалдаж авдаг эсвэл  сүлжээ дэлгүүрийн түргэн хоолоор өдрийн цайгаа уух нь түгээмэл. Учир нь сургууль дээр хүүхдүүдэд зориулсан хоол хүнс байхгүй учраас түргэн хоолыг сонгож үдийн цайны завсарлагаар  хоол биш “хор” идэж байна.  

Улсын сургуулиудын үдийн хоолны илчлэгийн хэмжээ 240-260 ккал байна. Жишээ нь 50 дугаар сургууль хоолны цэсээ долоо хоног бүр шинэчлэн гаргадаг. Улирлын томуунаас сэргийлж  дархлааг дэмжих хоол хүнс аарц, чацаргана, сүү сүүн бүтээгдэхүүнийг голчлон хоолны цэсдээ оруулжээ. Мөн долоо хоногт хоёр удаа махан хоол өгөх юм байна. Цайны газрын хувьд түрээсийн газартай гэрээ хийсэн. Хичээл эхлээд удаагүй байгаа тул есдүгээр сарын эхний долоо хоногийн хоолны цэсэд мантуун бууз, байхуу цай, сүүтэй будаа, ногоотой шөл зэрэг хоол багтсан байлаа. Харин гуравдугаар сургуулийн үдийн хоолны цэсэд ногооны зутан,будаатай хуурга, лапша шөл зэрэг хоолны цэс эхний долоо хоногийн байдлаар батлагджээ. Үдийн цайнд ээлжээр хүүхдүүдийг оруулж  гурван өдөр халуун хоол өгөх юм байна. Мөн ээлжээр хичээллэж байгаа учир ширхгийн хоол зарахгүй байгаа аж. Бага ангийн хүүхдүүдээс үдийн цайны талаар тодруулахад “Өнөөдөр бантан, цай орсон.  Сургуулийн хоол амттай байдаг гэж 3-р сургуулийн 2-р ангийн сурагч Б.Тэнүүн хэллээ. Харин ахлах ангийн сурагчид сургуулийн урд талын дэлгүүр эсвэл CU ордог. Гэхдээ өмнөх шигээ олон цагаар хичээл орохгүй байгаа учраас өлсөөд байдаггүй гэв.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээд есөн дүүргийн төрийн өмчийн 128 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 цайны газар ажиллаж байна.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээд есөн дүүргийн төрийн өмчийн 128 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 цайны газар ажиллаж байна. Үүнээс өөрийн эзэмшлийн цайны газартай 18 сургууль, түрээсийн цайны газартай гэрээ хийсэн 103 сургууль, бэлэн бүтээгдэхүүн худалдаж байгаа 10 сургууль байна. Эдгээр 10 сургуулийн хувьд шинээр ашиглалтад орсон болон цайны газрын тендерээ аваагүй зэрэг шалтгаантай байгаа юм.

Цайны газрын чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй ААН-үүдийн нийт хугацааг авч үзвэл дийлэнх буюу 40.3 хувь нь 1-4 жил ажилласан байна. Харин 16-20 жил ажилласан ААН 7.8 хувийг эзэлж байна. Эдгээр ААН-үүдээс “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдлаар нь авч үзвэл 50 хувь нь 2-5 жил ажиллаж байгаа бол Чингэлтэй дүүргийн сургуулийн “ЭС БИ ЭС ЭЙ ЭМ” ХХК хамгийн бага хугацаа буюу 5 хоног үйл ажиллагаагаа явуулж байна.

“2020 оны хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх суралцагчдын хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн боловсролын газраас тодруулахад “2020-2021 оны хичээлийн жилд  бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх үүднээс үе шаттайгаар хэрэгжүүлж 2021 он гэхэд түрээсийн цайны газаргүй болно. Цаашлаад дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна.” гэж Нийслэлийн боловсролын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Энэ жилээс манай улсад хэрэгжиж эхлэх сурагчдын үдийн хоолны хөтөлбөрийг гадны улсууд хэрхэн хэрэгжүүлдэг талаар жишээ авч үзье. Өмнөд Солонгос улсын хувьд сурагчдын үдийн хоолыг  зүгээр ч нэг сургуульд иддэг хоол бус, соёл, боловсрол, сургуульд эзэмших амьдралын зөв дадлын нэг хэсэг гэж үздэг байна. 1953 оноос эхлэн UNICEF-ийн тусламжтайгаар сургагчдын үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 1997 оноос эхлэн бага ангийн бүх сурагчдыг хамруулж, 1999 оноос дунд сургууль, 2003 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчдад тус тус үдийн хоол өгч эхэлжээ. 2006 онд Сөүл хотын бага ангийн сурагчид хоолны  хордлого авснаас хойш ЕБС-ийн үдийн хоолны журамд өөрчлөлт оруулж, 2007 оноос эхлэн зоогийн газартай  гэрээ хийдгээ больж сургууль бүр өөрсдийн гэсэн хоол зүйч, гал тогоотой болжээ. Ингэснээр хоол зүйчид нь хүүхдийн бие махбодын хөгжил, шим тэжээлийн хэрэгцээ, улирлын онцлогийг харгалзан хоолны цэсийг боловсруулдаг аж. 2017 оны байдлаар Сөүл хотын улсын ЕБС-ийн бага ангийн нэг хүүхдэд оногдох хоолны мөнгө 3200-3600 вон байдаг байна. Харин Япон улсын хувьд анх 1889 онд Яамагата мужийн ядуу өрхийн хүүхдэд цагаан будааны боов, шарсан загас өгч эхэлснээр сургуулийн үдийн хоолны хөтөлбөр үүсжээ. Улмаар дэлхийн хоёрдугаар дайны дараа хүүхдийн өлсгөлөнг зогсоохын тулд үдийн хоолны хөтөлбөр орон даяар өргөжжээ.

Японд бүх дунд, ахлах сургуульд өгдөг үдийн хоолны цэс нь илчлэг ихтэй байдаг ба гаднаас савтай хоол оруулдаггүй байна. Үдийн хоол нь үхэр, загасны мах, хүнсний ногооноос бүрдэж тус бүр 600-700 орчим калортой байдаг аж.  Үүнээс гадна тухайн өдрийн үдийн хоол агуулагдсан илчлэгийн талаар сурагчдад тайлбарлаж өгдөг нь эрүүл хооллолтын талаар сургалт болдог байна.

Хүүхдийн хоногт авах нийт шим тэжээлтэй бодисын 10-15 хувийг үдийн цайгаар хангах ёстой. Шаардлагатай илчлэгээ авахад зохистой хооллолт буюу мах, сүү, үр тарианы төрөл, хүнсний ногоо жимс жимсгэний төрөл орох ёстой. Тэгвэл үүнд төрөөс төсөвлөсөн 600 төгрөг хангалттай биш байгаа юм. Иймээс цаашид үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн хоолыг түрээсийн байгууллага, хувь хүн биш, сургууль өөрөө хариуцаж  үдийн хоолыг бэлтгэхэд мэргэжлийн хоол зүйч ажиллаж, зохион байгуулснаар энэ асуудал шийдэгдэх бололтой.

Э.Нандинцэцэг

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

2 Comments

  • You have remarked very interesting details! ps decent web site. “Mediocrity knows nothing higher than itself, but talent instantly recognizes genius.” by Conan Doyle.

  • You are my aspiration, I possess few blogs and occasionally run out from to post .

Leave a Reply

Your email address will not be published.