“Модель машинууд тоглоом биш”

 “Модель машинууд тоглоом биш”

Хүн хүний сонирхол өөр. Марк, зоос, хөөрөг цуглуулдаг нэгэн байхад овор ихтэй авдар гэх мэт эд хогшил цуглуулдаг хүн ч бий. Энэ удаа модель машин цуглуулагч Э.Пүрэвсүрэнгийн цуглуулгаас сонирхлоо. Руль нь модон, суудал нь савхин, шалавч нь хивсэн, хаалга нь хүртэл онгойдог “жижиг” машинуудыг эгнүүлжээ. Бүр галын хор, эмийн сантай бараг л асах нь холгүй төмөр хөлгүүд нүд булаана. Энэ бүгд жинхэнэ машины хэд дахин жижгэрүүлсэн хувилбар шүү дээ. Энгийн нүдээр харахад жирийн л нэг хүүхдийн тоглоом мэт харагдана.

Модель машин цуглуулагч, борлуулагч Э.Пүрэвсүрэнгийн хувьд анх 2013 оноос модель машин цуглуулж эхэлжээ. Монголд модель машин сонирхогч 3000 орчим хүн байдаг бөгөөд тэдний 50 орчим нь идэвхтэй цуглуулагч нар аж. Энэ төрлийн цуглуулга Монголд дөнгөж хөгжиж эхлэх гэж байгаа учраас цуглуулагчдын тоо тун цөөн. Насны хувьд ихэвчлэн 30-аас дээш насныхан байдаг гэнэ.

Тоглоомон машинаас ялгарахад үйлдвэрлэгч брэнд маш чухал. Дээрээс нь стандарт цуглуулгын хэмжээ гэж бий. Хамгийн том хэмжээ гэвэл жинхэнэ машиныг найм дахин багасгасан хэмжээ. Ийм хэмжээтэй моделийг цөөн тоогоор үйлдвэрлэж, маш өндөр үнэтэй борлуулдаг аж. Монголд түгээмэл цуглуулгын хэмжээ бол автомашиныг 18, 43 дахин багасгасан хэмжээ юм. Цуглуулга жижигхэн байх тусмаа үнэ цэнэтэй. Ийм цуглуулга дунджаар 20 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй бөгөөд 10-20 см хэмжээтэй.

Энэ үеэр модель машин цуглуулагч С.Сергей ярихдаа “Миний хувьд модель машин сонирхож явна. Худалдаж авахдаа хэмжээс, өнгө, үйлдвэрээсээ ямар өнгөтэй гарсныг харна. ОХУ болон Монголд явж байсан машины модель сонирхож явна. Би 250 орчим модель машины цуглуулгатай. Хүүхэд байхаасаа тоглоомон машин цуглуулж эхэлсэн” хэмээн дурсан ярилаа.

Цуглуулагч Э.Пүрэвсүрэн долоон жилийн хугацаанд 100 орчим цуглуулгатай болжээ. Хамгийн үнэтэй нь 800 мянган төгрөгийн үнэтэй. Түүний цуглуулгад орос тэргүүд цөөнгүй байв. Бидний сайн мэдэх ЗИЛ 130, 131, кран, камаз ч байх аж. Чигчий хурууны дайтай волганы хамгийн жижиг моделио хэдхэн сарын өмнө танилдаа хямдхан зарсан гэв.

Тэрбээр “Цуглуулгаа цуглуулахдаа ховор нандин хийц, үйлдвэрлэгдсэн тоо, хэмжээс, нарийн деталиудыг нь маш сайн харах хэрэгтэй. Тоонд хэт анхаарал хандуулж болохгүй. Цуглуулгаа эхлэхийн өмнө сайтар судалж байж эхлэх хэрэгтэй. Жишээлбэл, ЗИЛ 130 машин манайхны цуглуулгад заавал байх ёстой моделийн нэг. Орост үйлдвэрлэгдсэн хэдий ч яг монгол машин юм шиг л санагддаг. Монголчуудын дунд энэ машинтай холбоотой түүхтэй хүмүүс их байдаг шүү дээ. Одоо ч бидний дунд явж байна. Орос машинууд ер нь их дотно, нүдэнд дулаахан, аав ээжүүдийн минь сэтгэлд ч ойр байдаг. Маш их дурсамж агуулж байдаг болохоор ч тэр юм уу орос машинуудад их дуртай. Зарим нь тээврийн жолооч аавдаа бэлэглэхээр сонирхдог. Насаараа унаж эдэлсэн машиныхаа моделийг харахад хүртэл сайхан шүү дээ. Энэ загвар хамгийн үнэ цэнэтэй, хэзээ ч үнээ алдахгүй” гэлээ.

Түүний цуглуулгад хуучны орос төмөр тэргүүдээс гадна сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгдсэн шинэ автомашины моделиуд ганц нэг харагдав. Хэдийгээр сүүлийн үеийн машин ч модель нь олдоц муутай байдгийг Э.Пүрэвсүрэн хэлж байв. Учир нь автомашины үйлдвэрлэгч компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цөөн тоогоор модель үйлдвэрлэдэг байна.

Энэ приус 20 автомашины модель гэхэд дэлхийн зах зээл дээр 1008 ширхэг үйлдвэрлэгдэж, олон улсад 50-100 ам.долларын үнэтэй борлуулагджээ. Цуглуулагч, борлуулагч Э.Пүрэвсүрэн энэ цуглуулгаа 180 мянган төгрөгөөр худалдаалж байв.

“ХҮМҮҮС МОДЕЛЬ МАШИНААРАА ХҮҮХДҮҮДЭЭ ТОГЛУУЛДАГТ ИХ ЭМЗЭГЛЭДЭГ”

 Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Модель машины цуглуулгаа хэрхэн арвижуулдаг вэ. Ер нь олдоц хэр вэ?

-Дэлхийн бүх модель машины үйлдвэрлэл БНХАУ-д байдаг. Тэнд үйлдвэрлэгдээд бүх орон руу явдаг гэсэн үг. БНХАУ хамгийн хямд, нарийн хийцтэй үйлдвэрлэдэг. Монголчууд хятад гэхээр хямд, чанаргүй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Үнэндээ тийм биш. Модель машины хамгийн сайн үйлдвэрлэгч улс. ОХУ-ын үйлдвэрийн модель машинууд болхи байдаг учраас тоглоом шиг харагдах тал бий

-Машинуудаа хаана хадгалдаг вэ?

-Ер нь цуглуулгаа гэртээ л хадгалдаг. Аль болох хурц нар, чийглэг орчинд хадгалахгүй байхыг хичээдэг. Учир нь модель машины гадна будаг барзайж, муухай болчихдог. Мөн хүүхдийн гараас хол байлгах хэрэгтэй. Зарим  хүмүүс машинаараа хүүхдүүдээ тоглуулдаг гэж ярьдагт их эмзэглэдэг.

– Зарим загварын хаалга нь онгойж байхад заримынх нь онгойдоггүй юм байна. Модель машиныг төмрөөр хийдэг үү?

-Материалын хувьд хүмүүс төмөр гэж боддог ч хайлш юм. Машины кабиныг нь хайлшаар цутгадаг. Деталиуд нь пластик буюу хуванцар байдаг. Автомашиныг 43 дахин багасгасан жижиг загварын хаалгыг онгойлгодгоор хийхэд хэцүү. Тийм нарийн нугас бариул хийвэл амархан эвдрэх магадлалтай. Хэрвээ жижиг мөртлөө хаалга нь онгойж байвал тэр тоглоом гэж ойлгох хэрэгтэй.

-Модель машин цуглуулагчдын хувьд машинаа гангалдаг уу?

-Машины моделиудыг угсрах зориулалтаар түүхий эдээр нь гаргадаг. Тэрийг нь хүмүүс өөрсдөө модель машин хийдэг гэж ташаа ойлгоод байдаг. Тухайн цуглуулагч маань өөрсдийн багажаар машинаа угсарч, будаж илүү амьдралд ойр болгож тоноглодог гэсэн үг. Жишээлбэл,  ЗИЛ 130 машины ачаанд өндөрлөгөө хийж, шаврын хаалт, манангийн шар гэрэл нэмнэ. Ингэснээр үйлдвэрийн үнээс хэд дахин үнэтэйгээр борлуулдаг.

-Цуглуулга нь үнэ цэнээ алддаг уу?

-Модель машины ховор загварууд жилээс жилд үнэ нь улам өсч байдаг. Тоо ширхэг нь ч тун цөөн байдаг. Тодруулбал , Лексус 570 маркийн энэ модель дэлхий дээр 1000 ширхэг гарсан. Анх 400 мянгаар гарч байсан бол одоо хар өнгө нь 550 мянган төгрөг болж өссөн. Ирэх жил 600, 700 мянга болж өснө Борлуулалт муутай, сэтгэлд хүрээгүй модель машины үнэ огцом буурч байдаг. Олон тоогоор алдаатай үйлдвэрлэгдсэн загварууд ч олон бий.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

7 Comments

Leave a Reply

Your email address will not be published.