“Шатсан “East” төвийг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулъя”

 “Шатсан “East” төвийг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулъя”

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах “East” худалдааны төв шатаад есөн жил болж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд уг барилгыг засварлаж, шинэчлэх ажил огт хийгдсэнгүй. Иргэдийн зүгээс энэ барилгын газрыг дахин төлөвлөж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг хэлж байв. Ингээд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц энэ барилгын эзэн нь хэн болох, цаашид газрыг хэрхэн ашиглах талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэхийг зорилоо.

Төмөр хашааны дотор болон гадна хэд хэдэн хогийн цэг үүсч, эвгүй үнэр ханхална. Шатсан барилгын сүүдэрт хэдэн хүн архи хуваан ууж суух аж. Төлбөртэй авто зогсоолд 20 орчим машин байв.  Гал гарахаас өмнө энэ барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке гээд олон үйлчилгээний газар байсан юм. Тухайн үед “East” төв  нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш дахин үйл ажиллагаа явуулаагүй.

“EAST” ТӨВИЙН ХАШААГ ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАДАГ

Хашааны урд хэсэгт байрлах харуулын байрыг зорин очиход манаач нь “East” худалдааны төвийн хашааг төлбөртэй авто зогсоолын зориулалтаар ашигладаг. Энэ зогсоолын төлбөр нь 1000 төгрөг. Зогсоолд нэг хоног машинаа байрлуулбал 2000 төгрөгийн үнэтэй. Харьцангуй хямд төлбөртэй. Барилгын үүд хаалга нь бүгд хаалттай. Би саяхан ажилд орсон болохоор өөр мэдээлэл өгч чадахгүй” гэдгийг хэлсэн юм.

“East” худалдааны төвийн хойд талын шатахуун түгээх станцын газар дээр хуучин “Батцагаан” гэдэг нэртэй шорон байсныг судлаач хэлж байв. Мөн социализмын үед шоронг нүүлгэж, арьс өнгөний эмнэлэг болсон гэдэг. Харин тус төвийг 1992 оноос худалдааны зориулалтаар ашиглаж, эхэлжээ.

Барилгын баруун талд байрлах орон сууцанд амьдардаг иргэн Ц.Урнаа “Манайх энэ хажуугийн байр. “East” худалдааны төв шатаад их удаж байна. Ер нь их муухай байдаг. Шөнө оройд барилга дотор нь орон гэргүй хүмүүс орж  хоноглоно. Зуны улиралд бороо орохоор өмхий үнэр үнэртэнэ. Манай гэр есөн давхарт байдаг учраас өмхий үнэр нь илүү үнэртдэг. Энэ шатсан барилгыг нэг янзалчихаж болдоггүй юм болов уу гэж боддог. Чухам энэ хүсэлтээ хаана хандаж, хэрхэн хэлэхээ сайн мэдэхгүй юм. Уг нь энэ газар дээр ногоон байгууламж байгуулж, усан оргилуур  хийчихвэл хэрэгтэй л байна. Яг энэ орчимд усан оргилуур, тоглоомын талбай их дутагдалтай байдаг учраас хүүхдүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж тоглодог” талаар ярилаа.

“EAST” ХУДАЛДААНЫ ТӨВ НЬ ИРГЭН Н.ЭНХБАТЫН ХУВИЙН ӨМЧ”

 “East” худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ барилгын эзнийг нь саяхан олж, иргэн Н.Энхбат гэдэг хүний хувийн өмчлөлд байдгийг тогтоосон. Уг барилга нь 2011 онд шатснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас нэг сарын өмнө хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулсан. Тухайн иргэн шаардлагыг биелүүлж ажиллана гэдгээ амласан. Бидний зүгээс хуучин барилгаа нурааж, шинэчлээд, тухайн орчмынхоо ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн бүтээн байгуулалт хийх хүсэлтээ өгөөч” гэдгийг зөвлөсөн. Иргэний зүгээс хөрөнгө мөнгөний асуудал тулгарсан учраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхгүй байгаа юм билээ.

Нийслэл хотын хэмжээнд шатсан, олон жилийн насжилттай, өнгө үзэмж муутай барилгын судалгааг хийж байгаа. Эдгээр барилгыг энэ долоо хоногт Засгийн газрын даргын зөвлөлийн хурлаар танилцуулна” гэдгийг нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул хэлж байв.

Харин хоёр жилийн өмнө нийслэлийн Газрын албанаас тус барилгын газрын эзэмшлийг тодруулахад “East” төвийн газар нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн “Тед мед” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэдгийг хэлж байсан удаатай.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • It?¦s actually a cool and helpful piece of information. I?¦m satisfied that you shared this useful information with us. Please stay us up to date like this. Thank you for sharing.

Leave a Reply

Your email address will not be published.